Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ДУР МЭДЭН ХИЙХ НЬ АМЬ НАСАНД АЮУЛТАЙ

 Иргэд, аж ахуйн нэгжүүдийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний тасралт, саатал их гардаг талаар өнгөрсөн хугацаанд багагүй мэдээлсэн. Гэвч иргэд, аж ахуйн нэгж, ажил гүйцэтгэгч нарын хайхрамжгүй, хэнэггүй үйлдлүүд гарсаар, цахилгаан хэрэглэгчдийг хохироосоор байгаа юм.

   Энэ оны гуравдугаар сараас хойш Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн эзэмшлийн шугам, тоноглол гадны нөлөөтэй 56 удаа гэмтээд байна. Үүний улмаас 26 мянган хэрэглэгчийн цахилгаан хэрэглээ тасалдаж, 50 мянган киловатт цаг цахилгаан дутуу түгээгдсэн.

   Гадны нөлөөтэй гэмтлийн шалтгааныг авч үзвэл ихэвчлэн газар шорооны ажлыг дур мэдэн хийж газар доорх цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсэн, экскаватор, крантай автомашин механизмаар агаарын шугамын утас гогдож тасалсан, агаарын шугамын тулгуурыг автомашинаар мөргөсөн байдлаар үйлдэгдсэн байна. 

   Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийх нь ийнхүү цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээж, хэрэглэгчдийг хохироодгоос гадна ажил гүйцэтгэх байгаа хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх хүртэл онцгой аюултай байдаг. Тиймээс газар шорооны ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн газар доор цахилгаан дамжуулах кабель шугам байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй. Хэрвээ кабель шугамтай байвал мэргэжлийн хүнийг байлцуулж, хяналт тавиулах зэрэг туслалцааг өгөх боломжтой. Цахилгааны кабель шугамын тодруулгыг авахдаа УБЦТС ТӨХК-ийн тухайн дүүргийг хариуцсан Түгээх төвд хандана.